Түмэн-Эх Чуулга

Түмэн-Эх Чуулгын тухай


ҮСАХ-ийн дэргэд 1989 онд тэр үеийн захирал УИХ-ын гишүүн С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билигзүйч Соёлын Гавъяат Зүтгэлтэн Ж.Бадраа, УГЗ С.Цоодол агсаны санаачлага зүтгэлээр тус чуулгын үндэс суурийг нь тавьжээ.
“Түмэн эх” хэмээх бэлгэдэл төгс нэрийг хүндэтгэн залж алдаршсаар буй нь ардын язгуур урлагт тэргүүн манлайлагч байхын онцгой хариуцлагыг илэрхийлж байгаа билээ.
Уламжлалт Өв Соёлын ”Түмэн Эх” чуулга нь эрхэм зорилгоо “Монгол үндэстэн угсаатны ардын язгуур урлаг, өв соёлыг нээн илрүүлж, судлан сурталчилж, хөгжүүлэх, түүний төрөл зүйлийн гайхамшгийг эх орондоо болон дэлхий дахинаа эрхэм чанартай хүргэн таниулж, ур чадвараараа манлайлан оюуны эрэлт хэрэгцээг хангахад оршино” хэмээн тодорхойлжээ. Тус чуулга нь эртний Монгол хаадын зочлол ёслолын гэр өргөөг санагдуулам урлаж чимсэн өөрийн тохилог байрандаа дуу чимээний элдэв техник, өсгөгч зэргийг ашиглалгүй анхдагч төрхөөр нь сонордуулан толилуулдаг, эрхэм заншлаар үзэгч, зочид, гийчидтэйгээ нүүр тулан уулзаж, өргөн барьдаг онцлогтой билээ.

Бидний уриа үг - Бид Монголын гайхамшигт урлагийн цогц үйлчилгээг танд хүргэнэ.
Түмэн-Эх Чуулга



Уламжлалт Өв Соёлын “Түмэн Эх” хэмээх чуулга нь Монголын үндэстэн угсаатны уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, язгуур бий биелэг, үндэсний хөгжмийн төрөл, эртний болон өнөөгийн уламжлалт халх Монголчуудын бүжиг наадам, хөөмэй, магтаал, уран нугаралт, цам болон бөөгийн бүжгийн гайхамшиг зэрэг олон төрлийн бүтээлээр урын сангаа судалгаа, сурталчилгаа, сургалтын чиглэлээр баяжуулан, харилцаа дууны хэлбэр төрлөөр сэргээн бүтээж үндэсний өвөрмөц урлагаа олон улсын хэмжээнд байнга амьдруулдаг билээ.

Тус чуулга нь 1989 оноос эхлэн өнөөг хүртэл Франц, ХБНГУ, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират, Голланд, Белги, Испани, Их Британи, БНХАУ, Энэтхэг, Япон, ОХУ, БНСУ, БНАСАУ, Тайвань, Хонконг, Сингапур, Кувейт, Австри, Канад, АНУ зэрэг тив дэлхийн 60 гаруй улс оронд айлчилан тогложээ. Ийнхүү “Түмэн Эх” чуулга жилээс жилд өөрийн уран бүтээлээ шинэ соргогоор баяжуулахаас гадна уран бүтээлчид өөрсдийн бие даасан уран бүтээлүүдийг туурвиж, олон улсын болон өөрийн орны улсын чанартай уралдаан тэмцээн, наадамд удаа дараалан амжилттай оролцон шагнал хүртэж, гадаад орнуудад урилга, хэлэлцээр, хамтын ажиллагаа зэргээр тогтмол айлчлан тоглолт хийж байна.